Хүүхдийн баяраа “хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэв

Тус аймаг энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэв.
Баярын нэгдсэн арга хэмжээ Дархан хотын “Залуучууд” театрын өмнөх “Найрамдал” талбайд аймгийн төвийн байгууллагуудын парад жагсаалаар эхлэв. Уг нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нарын аймгийн удирдлагууд оролцож баяр хүргэж үг хэллээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн С.Насанбат нээж хэлэхдээ: “Хүүхэд бол хүн төрөлхтөний өнө мөнхийн өлмий бат оршихын баталгаа, улс үндэстний ургийн урагт үл бөхөх гал голомтын эзэн нь юм. Хүүхэд бүр зөв зорилго, хичээл, зөв зүтгэл зөв амьдралыг утга учрыг ойлгон ухаарч зөв хандлага зан үйлтэй, эрч тэмүүлэлтэй, өрсөлдөх чадвартай иргэн болон төлөвших учиртай. Үүний тулд эцэг эхийн хайр халамж, багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэг туслалцаа, чиглүүлэн жолоодох арга ухаан маш чухал. Хүний хөгжлийн анхдагч орчин болсон гэр бүлийн боловсрол, гэр бүлийн үнэт зүйл ч ихээхэн чухал гэдгийг зориуд тодотгон хэлэх байна. Аймаг орон нутгийнхаа хөгжлийг шинэ шатанд гаргахын тулд хүүхдийн хөгжилд цогцоор хандах, хүмүүжил ёс суртахууны талаарх уламжлал, шинэчлэлийг хосолсон шинэ үзэл баримтлалыг гарган хүүхдийн эрхийг бодитоор ханган хэрэгжүүлэх талаар бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Бид иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүсэл зоригийг нь эрхэмлэн дээдэлж аймгийн эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлэхэд төрийн бодлого, үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа сурч боловсрох, хөгжих, өсөн дэвших, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хуучин Дарханд “Хүүхэд хөгжлийн ордон”, шинэ Дарханд “Залуус хөгжлийн одон”-г тус тус ашиглалтад оруулж та бүхэндээ хүлээлгэн өгсөндөө баяртай байна. Хүүхэд бүхэн эрүүл айх аюулгүй амар амгалан орчинд сурч, хөгжиж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн миний бие хичээж ажиллах болно” гэв.
Нээлтийн үеэр “Бид Дарханы ирээдүй” үлгэрчилсэн тоглолт болж үлгэрийн баатрууд хуран цуглаж хүүхэд багачуудтай зургаа авахуулж Дархан хотын сүлд “Хамгийн сайхан хот” дууг 350 сурагч, “Миний хэнз хурга” дууг 200 хүүхэд дууллаа. Энэ үеэр аймаг хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож амжилт гаргаж үе тэнгийнхэн, сургууль анги хамт олондоо үлгэр дуурайлал болсон шилдэг тэргүүний сурагч, багш нарыг шагнаж урамшууллаа. Үүнд: Улсын төрөлжсөн олимпиадын сэтгэх чадвар,  түүх нийгмийн, биологийн, Хятад хэлний, мэдээлэл зүйн, физикийн төрлөөр байр эзэлсэн сурагч багш нарыг шагнаж урамшууллаа.
Мөн аймаг хот, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээн, урлаг соёлын бахдам амжилт гаргасан аймгийн шилдэг тэргүүний 26-н авьяаслаг, сурагчдыг бас шагнав. Олон улсын чанартай уралдаан тэмцээнд спортын бахдам амжилт гаргасан аймгийн шилдэг тэргүүний 73-н тамирчин хүүхэд багачуудыг шагналаа. Түүнчлэн баярын жагсаалд оролцсон хүүхэд багачууддаа төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдийнбаярын бэлэг гардуулсанаар хүүхдийн баярын нээлтийн арга хэмжээ өндөрлөв.

 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0