Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн өрийн асуудлыг шийдвэрлэнэ

         

        Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэв.

           Шарын гол сумын Эрүүл мэндийн төв нь өөрийн сумын үндсэн 8500, сумыг тойрсон бичил уул уурхай эрхлэгчид, явуулын гээд нийт 12000 гаруй хүн амд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг ба эмнэлгийн барилга нь 1972 онд Шарын голын нүүрсний уурхайн ажилчдад үйлчлэх зориулалттай баригдсан ажээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эмнэлгийн ор, хүний нөөцийн тоо, төсвийн хэмжээ буурсаар одоо барилгын зөвхөн Б хэсгийг эмнэлгийн үйлчилгээнд ашиглаж байгаа юм байна.

             Сумын эмнэлэг нь 2013 оноос эхлэн сумын эрүүл мэндийн төвийн стандартын дагуу хүний нөөцийн тоог 70-аас 56 болгож цөөрүүлсэн боловч эмч, ажиллагсдын цалин, эмнэлгийн урсгал зардлын төсөв хүрэлцэхгүйгээс 2017 оны эхний 5 сарын байдлаар 35 сая төгрөгийн өр үүсгэжээ.

           Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа Эрүүл мэндийн яаманд хандсан бөгөөд Эрүүл мэндийн Сайд тус сумыг зорин ирж дээрх асуудлыг талаар ярилцлаа. Шарын гол сумын эрүүл мэндийн төвийг үйлчлэх хүрээний хүн амын тоо их, эмнэлгийн барилга нь том, тасаг нэгжийн тоо, үзүүлж байгаа тусламжийн төрөл олон тул эмнэлгийн хүний нөөцийг одоо байгаа орон тоог хэвээр хадгалж цалин, урсгал зардлын 35 сая төгрөгийн өрийн асуудлыг шийдвэрлэж, 2018 оны хөрөнгө оруулалтаар шээс, цус, биохимийн Анализатор өгөх, тус сумын эмнэлэгт шаардлагатай байгаа эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр хангах асуудлыг 10 сарын Резидентийн төгсөлтөөр шийдвэрлэх, тус төвийн даргыг Сингапур улсын туршлага судлах 14 хоногийн сургалтад хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.

           Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө. Эрүүл мэндийн бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж засвар үйлчилгээг хийх, эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлгөөн чийрэгжүүлэлт зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламжийг идэвхжүүлж загвар эмнэлэг болох, үйлчлүүлэгчдийн хоёр, гуравдугаар шатлал руу явах урсгалыг бууруулахын тулд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй онлайнаар холбогдож мэргэжлийн зөвлөгөө авах Шилэн эмнэлэг төслийг орон нутгийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх, хамт олны багаар ажиллах, чадварыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ёс зүй харилцаа хандлагад онцгой анхаарах, үйлчлүүлэгчдийн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, зэрэг үүрэг даалгаврыг өгч, зөвлөн тусаллаа.

         Мөн түргэн тусламжийн машиныг хүлээлгэж өгч олон жил эрүүл мэндийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан жолооч Н.Энхболд, А.Лхагвадаш, сувилагч Ж,Солонго, үйлчлэгч Б.Нямдаваа нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнаж урамшуулав.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0